Бид юу хийдэг вэ?
Монгол Улсад бизнес эхлүүлэх, өргөжүүлэх, гадаад зах зээлд гарахыг зорьж байгаа хэн бүхэнд бид бодит дэмжлэг үзүүлдэг. Хөрөнгө оруулагчид, экспортлогчид болон бизнес эрхлэгчдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, төрийн үйлчилгээний уялдааг нэг цэгээс хүргэж, үйл ажиллагааг нь хөнгөвчлөхөд бидний ажил чиглэдэг.
Хэрэв та Монголд хөрөнгө оруулах, хамтран ажиллах, эсвэл бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргахыг зорьж байвал бид танд шаардлагатай мэдээлэл, холболт, дэмжлэгийг үзүүлнэ.
Стратеги, үйл ажиллагааны чиглэл
Бид Монгол Улсад хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх орчныг сайжруулах, худалдааг хөгжүүлэхэд чиглэсэн цогц бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Хөрөнгө оруулалтыг сурталчлах хүрээнд дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг тэргүүлэх салбаруудын төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж, хөрөнгө оруулалт татах боломжийг идэвхтэй нээдэг. Үүний зэрэгцээ төслийн мэдээллийн сан бүрдүүлж, цахим сувгаар сурталчлах, олон улсын форум, арга хэмжээг санаачлан зохион байгуулах, оролцох замаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг гадаад зах зээлд хүргэдэг.
Хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр бид хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодлогын дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд анхаардаг. Мөн гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад чиглэсэн ногоон шилжилтийг дэмжиж, тогтвортой хөгжлийг хангахад ажилладаг.
Төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгохын тулд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж, олон улсын жишигт нийцсэн “цахим нэг цонхны” системийг нэвтрүүлж байна. Ингэснээр хөрөнгө оруулагчид төрийн үйлчилгээг нэг дороос, илүү хялбар авах боломж бүрдэнэ.
Мөн бид хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад онцгой анхаарч ажилладаг. Үүнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн байгууллагын шийдвэрт дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх, гомдол, маргааныг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, бодлогын өөрчлөлт, зах зээлийн мэдээллийг цаг тухайд нь хүргэх зэрэг багтдаг.
Худалдааны бодлогын хүрээнд импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, экспортын чадавхыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлдэг. Мөн худалдааны алдагдлыг бууруулах, тарифын болон тарифын бус зохицуулалтыг оновчтой ашиглах, олон улсын болон хоёр талт худалдааны гэрээ, хэлэлцээрийн үр ашгийг бүрэн ашиглахад анхааран ажиллаж байна.

Бид хэрхэн дэмждэг вэ?
Бид хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчдэд дараах байдлаар дэмжлэг үзүүлдэг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль эрх зүйн орчны талаарх мэдээллээр хангана. Экспортлогчдын хувьд гадаад зах зээлд гарах боломж, шаардлага, тулгарч болох бэрхшээлийг даван туулахад чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг мөн хүргэдэг. Мөн хөрөнгө оруулагчдад зориулан төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Засгийн газрын 11 байранд “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг ажиллуулж байна. Тус төвөөр дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомж, зах зээлийн боломжийн талаар нэгдсэн мэдээлэл авах боломжтой. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдын санал, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх цахим системийг ажиллуулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой УБЕГ, ТЕГ, ГИХГ, НД болон бусад салбарын яам, агентлагуудын төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн.
Яагаад бидэнтэй хамтрах хэрэгтэй вэ?
Монгол Улс нь байгалийн баялаг, өсөн нэмэгдэж буй зах зээл, стратегийн байршлаараа хөрөнгө оруулалт, худалдааны өргөн боломжийг бүрдүүлдэг. Гэвч шинэ орчинд бизнес эхлүүлэх, хөрөнгө оруулах, экспорт хийхэд мэдээллийн хомсдол, зохицуулалтын төвөгтэй байдал зэрэг тодорхойгүй нөхцөлүүд тургардаг. Бид эдгээр саадыг багасгаж, хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчдэд ойлгомжтой, шуурхай, итгэлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэн ажилладаг.
Түүхэн товчоон
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих институцийн хөгжил 1990 онд Худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын газар байгуулагдсанаар эхэлсэн.
Үүнээс хойш тус байгууллага нь цаг үеийн хэрэгцээ, бодлогын өөрчлөлттэй уялдан хэд хэдэн удаа өөрчлөн зохион байгуулагдаж ирсэн.
Тухайлбал,
1996-2012 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг,
2013-2016 онд Хөрөнгө оруулалтын газар,
2016-2021 Үндэсний хөгжлийн газар гэсэн нэршлээр үйл ажиллагаа явуулж байсан.
Харин 2023 онд Засгийн газрын 37 дугаар тогтоолоор Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдаж, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Бидэнтэй холбогдох
Хөрөнгө оруулалт, худалдааны газар
Утас: +(976) 7555 1717
И-мэйл: info@ita.gov.mn
Хаяг: Засгийн газрын 9/1 байр, Энхтайваны өргөн чөлөө 16а, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар
Нэг цэгийн үйлчилгээний төв
Утас: +(976) 7700 1717
Хаяг: Засгийн газрын 11-р байр, Самбуугийн гудамж 17, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар
Цагийн хуваарь
Даваа-Баасан: 08:30-17:30
Бямба, Ням: Амарна



