ЭКСПОРТЫН ЭРСДЭЛ
Бараа экспортлох үйл ажиллагаа нь хууль эрх зүйн, улс төр, логистик, санхүү, зах зээлийн зэрэг олон төрлийн эрсдэлийг дагуулдаг бөгөөд эдгээр нь ашигт ажиллагаа болон үйл ажиллагааны амжилтад ихээхэн нөлөөлж болзошгүй.
ЭКСПОРТЫН ГОЛ ЭРСДЛҮҮД
Гадаад худалдаа эрхлэхэд эрсдлүүд тулгарах бөгөөд экспортын үйл ажиллагаанд дараах гол эрсдлүүдийг урьдчилан судалж тооцоолсон байх шаардлагатай.
- Хууль, эрх зүйн зохицуулалт болон Экспортын болон Импортлох үеийн эрсдэл
Экспортлох импортлохтой холбоотой хууль, гаалийн хяналт, бүрдүүлэлтийн журам, тариф болон тарифын бус хязгаарлалтийн /хориглосон, хязгаарласан барааны жагсаалт, экспорт, импортын зөвшөөрөл, лиценз, квот, эрүүл ахуй, хорио цээр, бүтээгдэхүүний хаяг, шошгожилт/ шаардлагуудтай танилцаж, мэдээлэлтэй байх шаардлагатай, Хууль журмын талаарх мэдээлэл дутмаг байдлаас ачаа бараа саатах, торгуулийн арга хэмжээнээс эрүүгийн хариуцлага ч хүлээх боломжтой гэдгийг анхаарна уу.
- Улс төр болон эдийн засгийн эрсдэл
Импортлогч оронд улс төрийн тогтворгүй байдал, дайн, иргэний үймээн самуун, хориг арга хэмжээ авагдсан, эсвэл гадаад худалдааны бодлогын гэнэтийн өөрчлөлт зэрэг нь экспорт тасалдах, бараа саатах, тээврийн зардал нэмэгдэх зэрэг цаг хугацааны болон тооцоолоогүй нэмэлт зардлуудыг гаргах эрсдэлтэй. Мөн тухайн улсын эдийн засгийн уналт, инфляц нь барааны эрэлтийг бууруулж болзошгүй.
- Логистик болон тээврийн эрсдэл
Тээвэрлэлтийн явцад бараа гэмтэх, алдагдах, саатах эрсдэл бий. Тээвэрлэлтийн муу төлөвлөлт, тухайн орны дэд бүтцийн талаарх мэдээлэл дутмаг, туршлагагүй байдал, эсвэл найдваргүй ложистикийн түнштэй ажиллах нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд барааны сав баглаа боодолд анхаарах, худалдааны гэрээнд тээврийн нөхцлийг эрсдлээ тооцоолж зөв сонгох, туршлагатай тээвэр зуучийн байгууллагыг сонгох нь таныг эрсдэлээс хамгаална.
- Санхүүгийн болон төлбөрийн эрсдэл
Экспортлогчид гадаад худалдан авагчаас төлбөрөө авахгүй байх, эсвэл хугацаа хойшлох эрсдэлтэй тулгардаг. Мөн валютын ханшийн савлагаа, ялангуяа тогтворгүй ханштай валютаар тооцоо хийх үед ашгийг бууруулах магадлалтай. Ийм эрсдэлийг бууруулахад аккредитив (Letter of Credit), худалдааны гэрээндээ төлбөрийн нөхцөл, төлбөр хожимдох үеийн зохицуулалтуудаа эрсдэлээ тооцоолон тусгах шаардлагатай.
Төлбөр хугацаандаа хийгдэхгүй байх, борлуулалт тооцсоноос муу байх зэргээс үүдэн эргэлтийн хөрөнгө дутагдах санхүүгийн эрсдэлүүд үүсэх боломжтой тул санхүүгийн эрсдэлийг давхар тооцоолох шаардлагатай.
- Зах зээлийн болон соёлын эрсдэл
Бараа бүтээгдэхүүн тухайн зах зээлд хүлээгдсэн хэмжээнд борлогдохгүй байх магадлалтай. Үүнд соёлын ялгаа, орон нутгийн хэрэглэгчийн сонголт, өрсөлдөөн нөлөөлдөг. Зах зээлийн эрэлтийг буруу үнэлэх, маркетингийн стратегийг нутагшуулахгүй байх нь санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй. Иймд зах зээлийн нарийвчилсан судалгаа хийх, орон нутгийн дистрибьютертэй хамтрах нь чухал.
ДҮГНЭЛТ
Экспортын эрсдлүүдийг сайтар ойлгож, урьдчилан төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлснээр экспортлогчид олон улсын зах зээлд итгэлтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж, болзошгүй алдагдлыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой юм.


