Манай улсын хувьд аялал жуулчлалын салбар нь уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын дараа орох эдийн засгийн гуравдагч том салбар бөгөөд аялал жуулчлалын салбарын хөгжил нь бусад салбаруудтай харьцуулахад нийт эдийн засагт хамгийн их үр өгөөж үзүүлдэг гэж цөөнгүй эмпирик судалгааны ажилд дүгнэсэн байдаг.
Иймд уул уурхайн салбараас өндөр хамаарал бүхий эдийн засагтай манай улсын хувьд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлснээр олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх улмаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах зэрэг өндөр ач холбогдолтой юм. Мэдээллийн үнэ цэнэд суурилсан өнөөгийн ертөнцөд судалгаанд үндэслэсэн санал, зөвлөмжөөр төрийн бодлого боловсруулах нь нэн ач холбогдолтой билээ.
Манай улсын аялал жуулчлалын салбарт өргөн цар хүрээтэй, бодлого боловсруулалтад дэмжлэг үзүүлэхүйц судалгааны ажил хомс байгаа тул Монголбанкнаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Аялал жуулчлалын хөгжлийн төв (АЖХТ)-тэй хамтран энэхүү түүвэр судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Тус судалгааны зорилго нь аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг эрэлт /гадаад жуулчид/, нийлүүлэлтийн /тур операторууд/ талаас судалж, улмаар салбарын бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.


