Skip to main content
Судалгаа, Цахим үйлчилгээ

ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН СУДАЛГАА

Монгол Улсын эрчим хүчний салбар нь нүүрс, газрын тос зэрэг уламжлалт шатмал түлшнээс эхлээд нар, салхи, ус, газрын гүний дулаан зэрэг сэргээгдэх эх үүсвэрийн баялаг нөөцтэй боловч одоогоор эрчим хүчний үйлдвэрлэлийн 80 гаруй хувь нь нүүрсэнд тулгуурласан бүтэцтэй хэвээр байгаа нь хүлэмжийн хийн ялгарлын гол эх үүсвэр болж байна. 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 7.3 сая тонноор бууруулах, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг үе шаттай нэмэгдүүлж байгаа ч өвлийн оргил ачааллын үед систем нөөц чадал дутмаг, импортын эрчим хүчний дэмжлэг зайлшгүй авч байна.

Сэргээгдэх эрчим хүчний хувьд 2025 онд нарны цахилгаан станцын үйлдвэрлэл 57.7 хувиар мэдэгдэхүйц өсөж, салхин станцын үйлдвэрлэл 1.1 хувиар нэмэгдсэн бол усан цахилгаан станцын үйлдвэрлэл 25.0 хувиар буурсан нь гидрологийн хэлбэлзэлд эмзэг хэвээр байгааг харуулж байна. Үүний зэрэгцээ өндөр татаастай тариф, алдагдалтай санхүүгийн загвар нь салбар дахь хөрөнгө оруулалтыг хязгаарлаж ирсэн тул тарифын шаталсан чөлөөлөлт, зах зээлийн зарчимд ойртуулах бодлого хэрэгжиж эхэлсэн.

Нөгөө талд Парисын хэлэлцээр болон олон улсын санхүүгийн байгууллагуудын бодлоготой уялдан нүүрсний төслүүдийн санхүүжилт хумигдаж, нийт 5.1 ГВт хүчин чадлын лицензтэй төслүүдийн ихэнх нь хэрэгжилтгүй “саарал бүсэд” үлдсэн нь хөрөнгө оруулагчдын хувьд тодорхойгүй байдлыг бий болгож байна. Гэсэн хэдий ч хууль, эрх зүйн орчин болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хүрээнд (Монгол Улсын Үндсэн хууль, Алсын хараа‑2050, Шинэ сэргэлтийн бодлого, бүсчилсэн хөгжлийн баримт бичгүүд) эрчим хүчний салбарын өсөлт, либералчлал, хөрөнгө оруулалтын тогтвортой нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр татварын хөнгөлөлт, тогтворжуулалтын гэрээ, хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчийг сүлжээнд нийлүүлэх журам, батерей хуримтлуурын анхны төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна.

Иймд ойрын хугацаанд суурь эх үүсвэр, хуримтлуур, сүлжээний шинэчлэлийг уялдуулан урагшлуулах, дунд хугацаанд эх үүсвэрийн бүтцийг төрөлжүүлэх, импортын хамаарлыг бууруулах, урт хугацаанд эрчим хүчний үр ашиг болон зах зээлийн шинэчлэлээр санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, ногоон шилжилт, хөрөнгө оруулалтын боломжийг зэрэг нээх стратегийн замнал болж байна.

бүрэн судалгаа татах [PDF]

Powered By EmbedPress