Олон улсын худалдаанд үйлвэрлэгчид, хэрэглэгчид шууд оролцох боловч олон улсын худалдаанаас олох ашгийн хуваарилалтад тэдгээрээс гадна зуучлагч, борлуулагч, тээвэрлэгч, санхүүгийн байгууллагууд, Засгийн газар зэрэг олон субъектууд оролцдог. Засгийн газар нь импорт, экспортын татвар, хураамж, зөвшөөрөл, лиценз зэрэг хэрэгслүүдээр дамжуулан худалдааг зохицуулна.
Засгийн газраас дотооддоо үндэсний хэмжээнд эдийн засгийн харилцаагаа цогц байдлаар зохицуулах, үүнд чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэхээс гадна дэлхийн бусад орнуудтай хамтран ажиллах, үндэснийхээ боломжид тохируулан эрх ашгаа хамгаалах, үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдийгээ дэмжин урамшуулах, эсхүл саад тотгор учруулах зэргээр тодорхой зорилго бүхий уян хатан арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд худалдааны бодлогоо чиглүүлнэ. Үндэсний боломж гэдэгт хүн ам, байгалийн баялаг, эдийн засгийн болон техник, технологийн чадавх, газар зүйн байрлал, уламжлал, ёс заншил зэрэг олон хүчин зүйлийг тооцож болно.
Гадаад худалдааны хувьд олон улсын худалдааны эрх зүйн орчин, бүс нутгийн орнуудын худалдаа, хамтын ажиллагаа, интеграцийн түвшин, томоохон орнууд, үндэстэн дамнасан корпорациудын баримталж байгаа бодлого зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
Үндэсний Засгийн газар бүр олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, ялангуяа Дэлхийн худалдааны байгуулага (ДХБ)-ын олон улсын хэлэлцээрүүдээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд гадаад худалдааны бодлогоо хэрэгжүүлэх бөгөөд үр дүн нь эерэг, сөрөг аль нь ч байж болох талтай. Олон улсын практикт Засгийн газраас дараах 2 төрлийн гадаад худалдааны бодлогыг явуулж байна. Үүнд:
- Худалдааны либераль бодлого;
- Худалдааны протекционист (хамгаалах) бодлого.
Улс орон бүр өөрийн орны онцлог, эдийн засгийн хөгжлийн шаардлагад нийцсэн бодлогыг сонгон хэрэгжүүлдэг. Худалдааны протекционист бодлогыг өндөр хөгжилтэй орнууд, либераль бодлогыг эдийн засаг нь гадаад худалдаанаас илүү хамааралтай хөгжиж буй орнууд түлхүү хэрэглэж байна.
ДХБ-аас гишүүн орнууддаа татвараас бусад аргаар худалдааг саармагжуулах, саад тотгор учруулахыг зарчмын хувьд хориглосон байдаг боловч одоогийн байдлаар улс орнуудаас протекционист бодлогыг хэрэгжүүлэхдээ импорт, экспортын татвар, тооны хязгаарлалт, лиценз, эрүүл ахуй, хорио цээрийн арга хэмжээ, татаас, саармагжуулах, хамгаалах арга хэмжээ зэргийг тодорхой хэмжээнд хэрэглэсээр байна. Худалдааны бодлого боловсруулахад эдийн засгийн үр ашгаас гадна улс төрийн бодлого, интеграцчилал, байгаль орчны бодлого зэрэг олон асуудлуудыг харгалзан үздэг.
ДХБ-аас гишүүн орнуудын Засгийн газарт гадаад худалдааг зохицуулахдаа тарифын бус аргыг аль болох хэрэглэхгүй байх, тарифын бус зохицуулалтаа тарифын зохицуулалтад шилжүүлэх бодлого баримтлахыг шаарддаг. Улс орнууд ДХБ-ын хэлэлцээрээр авсан үүрэг амлалтынхаа хүрээнд тарифаа чөлөөтэй зохицуулан тогтоох эрхтэй боловч тарифын хэмжээ нь үүрэг авсан (bound tariff) тарифын хэмжээнээс давахгүй байх, онцгой тохиолдолд демпингийн эсрэг хамгаалалтын арга хэмжээний хүрээнд илүү өндөр тарифыг зөвшөөрөгдсөн хэмжээнд, тодорхой хугацааны хязгаар дотор хэрэглэхийг зөвшөөрдөг байна.
Импортын тариф буюу татвар нь гол төлөв дотооддоо үнийн түвшинг барих, зах зээл, үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, хөхүүлэн дэмжих зорилготой байдаг бол экспортын татвар нь бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, байгалийн баялгийн экспортын орлогоос иргэдэд хүртээх зорилготой байдаг байна.
ДХБ-д экспортын тарифын зохицуулалт байхгүй учир улс орнууд өөрийн худалдааны бодлогын хүрээнд зохицуулах боломжтой.
Засгийн газруудын зүгээс тарифын зохицуулалтыг дараах зорилгоор ашигладаг.
- Худалдааны нөхцөлөө шаардлагатай түвшинд барих;
- Дотоодын зах зээлээ хамгаалах;
- Шинээр “төрж” буй үндэсний үйлдвэрээ дэмжих;
- Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх;
- Төлбөрийн балансыг зохих түвшинд байлгах үүднээс импортыг бууруулах;
- Макро-эдийн засгийн зорилтуудаа хэрэгжүүлэх… гэх мэт.
Улс орнуудын хэрэглэж байгаа тариф нь бараа бүтээгдэхүүний төрөл тус бүр дээр өөр өөр байх бөгөөд ДХБ-д элсэхэд үүрэг авсан тарифаас ихэвчлэн доогуур байна. Энэ нь Засгийн газрууд уян хатан, доогуур тариф тогтоож байгаад шаардлага гарвал тарифаа өсгөх, нөгөө талаас ДХБ-аас аль болох доогуур тариф тогтоохыг шаарддагтай холбоотой.
Түүнчлэн далайд гарцгүй байх, авто, төмөр замын хүчин чадал муу, хилийн боомтуудын тоо цөөн, валютын ханш, эрх зүйн орчин тогтворгүй байх нь худалдаанд саад болдог.
ДХБ-ын хүрээнд экспортын хязгаарлалтыг зөвхөн дараах тохиолдолд хэрэглэхийг зөвшөөрдөг. Үүнд:
- Олон улсын худалдаанд гарах бараа, бүтээгдэхүүний ангилал, чанар, стандартыг олон улсын норм, дүрэмд нийцүүлэх зорилгоор хязгаарлалт хийх;
- Хүнсний болон эдийн засагт чухал ач холбогдолтой тодорхой бүтээгдэхүүний хомсдол зах зээлд үүсэхээс болгоомжлох буюу тийм байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хязгаарлалт хийх.
- Дараах тохиолдолд хязгаарлалт хийхийг хориглоно. Үүнд:
- Үндэсний түүхий эдийг боловсруулах тодорхой үйлдвэрийг дэмжих үүднээс хязгаарлалт тогтоох;
- Экспортлогчдын хоорондын өрсөлдөөнийг багасгах үүднээс хязгаарлалт тогтоох.
Олон улсын худалдааг ДХБ-ын хэмжээнд тогтоосон олон талт эрх зүйн зохицуулалт, НҮБ болон бусад олон улсын байгууллагаас гаргасан нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн орчин, олон улсын тусгай эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг бөгөөд эдгээр 3 чиглэлийн хэм хэмжээ нь олон улсын худалдааны суурь эрх зүйн зохицуулалтад тооцогддог.
ДХБ-ын хэмжээнд тогтоосон олон талт эрх зүйн зохицуулалт нь олон улсын худалдааны зарчмуудыг тогтоож, гишүүн орнуудын төр засгаас баримтлах худалдааны бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлдог заавал дагаж мөрдөх эрх зүйн орчин юм[1].
[1] https://www.parliament.mn/files/9d9589949edb45d3a6e5ba726479821d/?d=1


