Skip to main content

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Гадаад худалдаа, интеграцийн бодлого”-ыг тодорхойлохдоо цөөн зах зээл, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт, импортоос хэт хамааралтай үндэсний эдийн засгийн эмзэг байдлыг бууруулна. Түүнчлэн гадаад худалдааны алдагдлыг багасгаж, тарифын болон тарифын бус арга хэрэгслийг дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зохистой хэрэглэнэ. Стратегийн бараа, түүхий эдээр үндэсний үйлдвэрлэлийг найдвартай хангаж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импортын таатай нөхцөлийг бүрдүүлнэ;  нэг орноос худалдан авах бараа бүтээгдэхүүн нийт импортод хэт давамгайлахаас сэргийлэх бодлого баримтална. Түүхий эд бэлтгэл, бөөний болон жижиглэн худалдаанд үнийн зохиомол хэлбэлзэл, монополь, шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулна. Дотоодын үйлдвэрлэл, зах зээлийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно зэргээр тусгасан байдаг.

Дэлхийн Худалдааны байгууллага

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) байгуулах тухай Марракешийн хэлэлцээр 1995 онд хүчин төгөлдөр болсон. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) байгуулах тухай Марракешийн хэлэлцээрийг 1996 онд соёрхон баталж, улмаар 1997 онд тус байгууллагын гишүүн болсон.

Монгол Улс ДХБ-ын гишүүн болсноор улс орнуудтай тэгш эрхтэй худалдаа хийх боломж нээгдэж, ДХБ-аас баталсан дүрэм, журмын дагуу олон улсын худалдаанд оролцох боломж бүрдсэн. Түүнчлэн ДХБ-ын гишүүн орны хувьд олон улсын зах зээлд нэвтрэх илүү таатай нөхцөл бүрдэж, бусад гишүүн улс орнуудтай “Нэн тааламжтай үндэсний нөхцөл” (Most favored nation)-өөр худалдаа хийх эрх зүйн орчин бүрдсэн.

Алсын хараа ба Стратегийн зорилтууд

АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогод “Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно” гэж тодорхойлж ба эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоно гэж заасан.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн

 I үе шат (2021-2030): Эдийн засгийн бүтцийн шинэчлэлтийг эхлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, импортыг орлох болон экспортод чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үе.

III үе шат (2041-2050): Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, олон тулгуурт тогтвортой эдийн засагтай улс болох үе.

ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ЯПОН УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Монгол Улс, Япон Улсын хоорондын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр нь 2016 онд хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлсэн. Тус хэлэлцээр нь манай улсын хувьд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр юм.

2010 онд Монгол Улс, Япон улс хоорондын Стратегийн түншлэлийн хүрээнд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулахаар талууд тохиролцсон. 2012 оноос эхлэн 3 жилийн хугацаанд 7 үе шат бүхий хэлэлцээ хийсэн. Монгол Улс, Япон Улс хоорондын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”‑ийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр УИХ‑ын чуулганаас “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”‑ийг соёрхон баталсан. 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хэлэлцээр нь Монгол Улсын хувьд анхны, Япон Улсын хувьд 15 дахь хэлэлцээр юм.

Хэлэлцээрийн зорилго: хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах

Хэлэлцээрийн бүтэц: 17 бүлэг, 10 хавсралттай.

  • Барааны худалдаа гарал үүслийн журам
  • Гаалийн горим
  • Эрүүл ахуй
  • Ургамлын эрүүл ахуй
  • Худалдаан дахь техникийн саад тотгор
  • Үйлчилгээний худалдаа
  • Хөрөнгө оруулалт
  • Бизнесийн орчинг сайжруулах
  • Оюуны өмч
  • Цахим худалдаа
  • Өрсөлдөөний бодлого
  • Маргаан шийдвэрлэх
  • Ерөнхий болон төгсгөлийн зүйл
  • Хамтын ажиллагаа
  • Хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн
  • Засгийн газрын худалдан авалт

Бараа: 

Хэлэлцээрийн хүрээнд Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, японы тал 97  бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулахаар хэлэлцээ хийсэн ба манай улс эдгээр импортын барааны гаалийн тарифын 59 хувийг (3429 төрлийн бараа), харин Япон Улс 86 хувийг (8000 төрлийн бараа) хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус шууд чөлөөлсөн. 

Тарифын хөнгөлөлт: 

А Хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц татварыг бүхэлд нь тэглэнэ.
В3 Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс 4 жил дараалан жил бүр ижил хэмжээгээр бууруулж тэглэнэ.
В5 Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс 6 жил дараалан жил бүр ижил хэмжээгээр бууруулж тэглэнэ.
В7 Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс 8 жил дараалан жил бүр ижил хэмжээгээр бууруулж тэглэнэ.
В10 Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс 11 жил дараалан жил бүр ижил хэмжээгээр бууруулж тэглэнэ.
В10* 11 дэх жилийн эхний өдрөөс тэглэнэ.
В15 Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс 16 жил дараалан жил бүр ижил хэмжээгээр бууруулж тэглэнэ.
В20 Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс 21 жил дараалан жил бүр ижил хэмжээгээр бууруулж тэглэнэ.
P, Q Талуудын тохирсон нөхцлийн дагуу
R Аливаа үүрэг амлалтанд хамрагдахгүй бөгөөд V баганын тайлбарт тодорхойлсон нөхцлийн дагуу
Х а-к хүртэлх дэд хэсэгт дурьдсан тарифын аливаа үүрэг амлалтанд хамрагдахгүй.

Үсгэн тэмдэглэгээ тайлбар:

Тэмдэглэгээ Тайлбар Тарифын хувь, хэмжээ (2025 он)
“А” Тухайн бараанд ногдуулж байгаа гаалийн татварыг энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдөр бүхэлд нь тэглэнэ 0%
“В3” Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс тухайн бараанд ногдуулж байгаа гаалийн суурь татварыг 4 жил дараалан жил бүр ижил хэмжээгээр бууруулж, улмаар тэглэнэ 0%
“В5” Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс тухайн бараанд ногдуулж байгаа гаалийн суурь татварыг 6 жил дараалан жил бүр ижил хэмжээгээр бууруулж, улмаар тэглэнэ 0%
“В7” Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс тухайн бараанд ногдуулж байгаа гаалийн суурь татварыг 8 жил дараалан жил бүр ижил хэмжээгээр бууруулж, улмаар тэглэнэ 0%
“В10” Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс тухайн бараанд ногдуулж байгаа гаалийн суурь татварыг 11 жил дараалан жил бүр ижил хэмжээгээр бууруулж, улмаар тэглэнэ 0,45%
“В10*” Тухайн бараанд ногдуулж байгаа гаалийн суурь татварыг 11 дэх жилийн эхний өдрөөс тэглэнэ 0,45%
“В15” Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс тухайн бараанд ногдуулж байгаа гаалийн суурь татварыг 16 жил дараалан жил бүр ижил хэмжээгээр бууруулж, улмаар тэглэнэ 1,87%
“В20” Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс тухайн бараанд ногдуулж байгаа гаалийн суурь татварыг 21 жил дараалан жил бүр ижил хэмжээгээр бууруулж, улмаар тэглэнэ 2,9%

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР

Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд болох Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланка, Лаос, Бангладеш 1975 онд өөр хоорондоо худалдааны хөнгөлөлт үзүүлэх зорилгоор “Бангкокийн хэлэлцээр”-ийг байгуулсан. БНХАУ 2001 онд тус хэлэлцээрт нэгдэн орсон хийгээд оролцогч талууд хэлэлцээрийн цар хүрээг 2005 онд өргөжүүлсэнтэй холбогдуулан “Бангкокийн хэлэлцээр”-ийг “Ази, Номхон Далайн Худалдааны Хэлэлцээр (АНДХХ)” болгон ёсчилсон.

Хэлэлцээр батлагдсан:

2009: Хэлэлцээрт нэгдэн орох хүсэлтээ илэрхийлж, 366 нэр төрлийн барааг багтаасан үндэсний хөнгөлөлтийн жагсаалтаар оролцогч талуудтай хэлэлцээ хийж эхэлсэн.

2018‑09: Хэлэлцээрт нэгдэн орох нөхцөлийг эцэслэсэн.

2019‑12‑12: “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай” хуулийн төслийг соёрхон баталсан.

2020‑09‑29: “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орох тухай нотолгоот баримтыг бүхлээр нь гардуулснаар хэлэлцээрийн 7 дахь гишүүн улс болсон.

2021‑01‑01: Хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол Улс АНДХХ-т нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж, 366 нэр төрлийн барааг багтаасан үндэсний хөнгөлөлтийн жагсаалтаар хэлэлцээрийн оролцогч талуудтай цуврал хэлэлцээ хийж, улмаар нэгдэн орох нөхцлийг 2018 оны 9 дүгээр сард хангасан. Улсын Их хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай” хуулийн төслийг соёрхон баталснаар АНДХХ-ийн 7 дахь гишүүн улс болсон бөгөөд хэлэлцээр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн[1]. 

Хэлэлцээрийн зорилго:  Гишүүн орнуудын хоорондын худалдааг өргөжүүлж тэдгээрийн эдийн засгийг хөхиүлэн дэмжих, худалдааг харилцан либералчлах, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, гишүүн орнууд хоорондын худалдаан дахь тариф, тарифын бус болон худалдаатай холбогдол бүхий бусад саад тотгорыг бууруулах

Хэлэлцээрийн гишүүн орнууд:

  1. Монгол Улс
  2. Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс
  3. Бүгд Найрамдах Хятад Ард Улс
  4. Бүгд Найрамдах Энэтхэг Улс
  5. Бүгд Найрамдах Солонгос Улс
  6. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улс
  7. Бүгд Найрамдах Социалист Шри Ланка Улс

Хэлэлцээрийн бүтэц:

АНДХХ нь хоёр хавсралт, барааны гарал үүслийг нотлон гэрчилгээ олгож, баталгаажуулах үйл ажиллагааны журмаас бүрддэг. АНДХХ-ийн оролцогч талууд Худалдааг хөнгөвчлөх, Хөрөнгө оруулалтыг чөлөөлөх, Үйлчилгээний худалдааг идэвхжүүлэх, чөлөөлөх тухай ерөнхий хэлэлцээрүүдийг байгуулсан. 

Хэлэлцээрт хамрагдах бараа:

АНДХХ-ийн оролцогч талууд 4 удаагийн тарифын хэлэлцээ хийж нийт 10677 бараа бүтээгдээхүүний гаалийн тарифыг харилцан бууруулахаар тохирсон. Тарифаас гадна гишүүн орнууд тарифын бус зохицуулалт, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчлөх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэн.

Тарифын хөнгөлөлт:

Д/Д Гишүүн орон Хөнгөлөлт эдлэх барааны тоо (нэр төрөл) Хөнгөлөлтийн хувь хэмжээ
1 БНХАУ 2323 10%–100%
2 БНСУ 2902 10%–50%
3 БНЭУ 3253 10%–100%
4 Лаос Улс 1081 10%–35%
5 Шри‑Ланка Улс 568 5%–50%
6 Бангладеш Улс 608 10%–70%

[1] Эх сурвалж: ГХЯ