Экспортын үйл явц болон олон улсын худалдааны талаархи мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн тулд та онлайн сургалтын нөөцүүдийг ашиглах боломжтой.
- 1. WTO e Learning Platform
- 2. SME Trade Academy
- 3. Invest Mongolia
- 4. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
WTO e‑Learning Platform нь Дэлхийн худалдааны байгууллага (World Trade Organization, WTO)-ийн албан ёсны онлайн сургалтын платформ юм. Тус платформ нь олон улсын худалдааны дүрэм, хэлэлцээр, бодлого, гаалийн зохицуулалт, дижитал худалдаа болон тогтвортой хөгжлийн асуудлаарх үнэгүй онлайн сургалтуудыг WTO-гийн гишүүн болон ажиглагч орнуудын бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид болон худалдааны мэргэжилтнүүдэд нээлттэйгээр санал болгодог.
WTO e‑Learning Platform-ийн сургалтууд нь Дэлхийн худалдааны байгууллагын Дэвшилтэт сургалтын стратеги (Progressive Learning Strategy, PLS)-тай уялдуулан боловсруулагдсан бөгөөд анхан болон дунд түвшний зорилтот сургалтуудыг багтаадаг. Сургалтуудын онцлог нь хоорондоо уялдсан дараах хоёр үндсэн сургалтын чиглэлд хуваагддаг. Үүнд:
- “Ерөнхий суурь мэдлэг” – ДХБ болон олон улсын худалдааны асуудлуудын талаарх өргөн хүрээний, суурь ойлголт олгох;
- “Мэргэшсэн чиглэл” – Олон улсын худалдааны тодорхой сэдвүүдийн хүрээнд гүнзгий, нарийвчилсан мэдлэг олгох.
Энэхүү хоёр чиглэлийг хослуулсан сургалтын арга барил нь суралцагчдад цогц бөгөөд уян хатан суралцах боломжийг бүрдүүлж, суурь мэдлэгээс эхлэн нарийн ур чадвар эзэмших хэрэгцээг үр дүнтэй хангахад чиглэгдсэн.
SME Trade Academy нь НҮБ болон Дэлхийн худалдааны байгууллагын хамтарсан агентлаг болох Олон улсын худалдааны төв (International Trade Centre)‑ийн онлайн сургалтын платформ юм. Энэхүү платформ нь гадаад худалдаа, экспорттой холбоотой 100 гаруй үнэгүй онлайн сургалтыг дэлхийн өнцөг булан бүрийн суралцагчдад нээлттэйгээр санал болгодог.
Өдгөө дэлхийн 142 орны 600 мянгаас дээш идэвхтэй суралцагч тус платформоор дамжуулан мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, 150 мянга гаруй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгогдоод байна. Сургалтууд нь экспорт, дижитал худалдаа зэрэг чиглэлүүдийг хамарч, ялангуяа хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудын бизнес эрхлэгчдийн хэрэгцээнд нийцсэн байдлаар боловсруулагдсан.
Сургалтууд нь зааварлагчтай бөгөөд лекц, дадлага ажил, кейс судалгааг хамарсан өргөн агуулгатайгаар дараах сэдвүүдийг багтаадаг. Үүнд:
- Экспортын талаарх нэгдсэн, системтэй ойлголт авах;
- Экспортын зах зээлийг үнэлж, оновчтой сонголт хийх чадварыг сайжруулах;
- Экспортын менежментийн механизмыг ойлгож, практикт хэрэгжүүлэх;
- Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх.
Хөрөнгө оруулалт, худалдааны газар нь худалдааны эргэлтийг сайжруулах, худалдааг хөнгөвчлөх, импортыг орлох салбарыг хамгаалах, экспортыг дэмжих чиглэлийн хүрээнд улирал бүр тогтмол сургалтуудыг зохион байгуулдаг. Сургалтын агуулгын хувьд:
- Чөлөөт худалдааны хэлэлцээр, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ашиглах бизнесийн боломж;
- Олон улсын худалдааны хэрэгслийг ашиглан экспортоо нэмэгдүүлэх боломж;
- Худалдаа болон бизнесийн салбар дах экспортын боломжууд зэрэг өргөн сэдвүүдийг хамардаг.
4. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
МҮХАҮТ-ын Бизнес академиас бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор “Гадаад худалдааны менежер” мэргэшүүлэх сургалт зохион байгуулдаг. 1994 оноос эхлэн тасралтгүй хэрэгжиж, 2026 оны байдлаар нийт 1146 мэргэжилтнийг бэлтгэн гаргасан энэхүү хөтөлбөр нь манай улсын гадаад худалдаа, эдийн засгийн салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгосон юм.
Сургалтын агуулга: Хөтөлбөр нь Олон улсын худалдааны төв (International Trade Centre)-ийн хөтөлбөрүүдэд суурилан боловсруулагдсан, гадаад худалдааны чиглэлээр ажиллах сонирхолтой, байгууллагын гадаад худалдааг хөгжүүлэхээр ажиллаж байгаа болон үндэстэн дамнасан компаниудад ажиллахаар сонгогдсон хүмүүст зориулагдсан төгсөлтийн дараах дипломын сургалт юм.


