Төлбөр, тооцоо
ГАДААД ХУДАЛДААНЫ ТӨЛБӨРИЙН ТӨРЛҮҮД
Гадаад худалдаанд төлбөр гүйцэтгэх хэлбэр худалдааны гэрээний гол нөхцөл байх бөгөөд гүйлгээг саадгүй явуулах, санхүүгийн эрсдэлийг бууруулахад маш чухал үүрэгтэй. Гадаад худалдаанд дараах төлбөрийн хэлбэрүүд байна.
Урьдчилгаа төлбөр (Cash in Advance, CIA)
Худалдан авагч бараа ачигдахаас өмнө худалдагчид урьдчилгаа төлбөр төлөх, барааг хүлээн авсаны дараа үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх, эсхүл төлбөрийг 100 хувь төлдөг. Гадаад худалдааны гэрээг байгуулахдаа гэрээний төлбөрийг хэрхэн, ямар хэлбэрээр төлөх талаар тохиролцож гэрээндээ тусгах шаардлагатай.
Аккредитив (Letters of Credit, L/C)
Импортлогчийн банк экспортлогчид төлбөрийг тодорхой нөхцөл, баримт бичиг бүрдсэн тохиолдолд хийх үүргийг баталгаажуулсан банкны бичгээр өгсөн амлалт юм.
Өөрөөр хэлбэл, барааг илгээж, баримтыг бүрдүүлж банкинд өгсөнөөр импортлогчийн банк гэрээний төлбөрийг гэрээнд заасны дагуу шилжүүлэх төлбөрийн хэлбэр юм. Энэ хэлбэр нь гадаад худалдаанд хамгийн түгээмэл хэрэглэгддэг хамгийн аюулгүй хэлбэр гэж үздэг. Дараах төрлүүдтэй:
- Irrevocable L/C Нэг тал дангаараа өөрчлөх боломжгүй
- Confirmed L/C Экспортлогчийн банк давхар баталгаажуулна
- Sight L/C Баримт зөв бол төлбөрийг шууд хийх
- Usage (Deferred) L/C Хугацаатай төлбөр
- Transferable L/C Төлбөртэй холбоотой гэрээний үүргээ гуравдагч этгээдэд
шилжүүлэх боломжтой
Энэ төлбөрийн хэлбэрт оролцогч талууд:
- Импортлогч (Applicant)
- Импортлогчийн банк (Issuing Bank)
- Экспортлогч (Beneficiary)
- Экспортлогчийн банк (Advising / Confirming Bank)
Төлбөрийн энэ нөхцлөөр худалдаа хийхээр төлөвлөж байгаа бол худалдааны гэрээнд энэ талаар тодорхой нарийн тусгах шаардлагатай бөгөөд бичиг баримтын зөрүү (discrepancy) гарвал банк төлбөр хийхгүй байж болно гэдгийг анхаарах шаардлагатай. Тээврийн бичиг баримт, дагалдах бичиг баримтад энэ төлбөрийн нөхцөл нь L/C гэсэн товчлолоор хэрэглэгддэг. Энэ хэлбэр нь худалдааны 2 талд найдвартай төлбөрийн хэрэгсэл болдогч банкны шимтгэл өндөр, бичиг баримтын шаардлага өндөр тавигддаг.
Letter of Credit шаарддагдах бичиг баримт
- Үнийн нэхэмжлэх (Commercial Invoice)
- Тээврийн баримт (Bill of Lading / Air Waybill)
- Сав баглаа боодлын жагсаалт (Packing list)
- Гарал үүслийн гэрчилгээ (Certificate of Origin)
- Даатгалын баримт
- Эрүүл ахуй /мал эмнэлгийн гэрчилгээ (шаардлагатай бол)
Баримтаар төлөх хэлбэр (Documentary Collections)
Банкууд тээврийн болон худалдааны баримт бичгийг худалдан авагчийн банк руу дамжуулж, төлбөр нэхэх эсвэл хугацаатай төлбөрийн вексель хүлээн зөвшөөрүүлэх замаар төлбөрийг зохицуулдаг. Экспортлогчийн банк тээврийн болон худалдааны баримт бичгийг импортлогчийн банк руу дамжуулж, төлбөр нэхэх эсвэл хугацаатай төлбөрийн вексель хүлээн зөвшөөрүүлэх замаар төлбөрийг зохицуулдаг хэлбэр юм Энэ нөхцөлд банк төлбөрийг баталгаажуулахгүй буюу баталгаа өгөхгүй, зөвхөн баримт дамжуулах, төлбөр нэхэх үүрэгтэйгээр оролцдог.
Энэ төлбөрийн хэлбэрт оролцогч талууд:
- Экспортлогч
- Экспортлогчийн банк (Remitting Bank)
- Импортлогчийн банк (Collecting / Presenting Bank)
- Импортлогч
Энэ төлбөр нь дараах төрлүүдээр хийгдэж болно. Тээврийн бичиг баримт, дагалдах бичиг баримтад D/P, D/A гэсэн товчлолоор хэрэглэгдэж болно.
- D/P – Documents against Payment (Баримт = Төлбөр)
Импортлогч төлбөр хийсний дараа тээврийн баримтыг өгнө. Бараагаа гаалиар татан авахын тулд төлбөрөө заавал төлнө. Экспортлогчидод илүү найдвартай хувилбар юм.
- D/A – Documents against Acceptance (Баримт = Төлбөрийн амлалт)
Импортлогч хугацаатай вексельд (Bill of Exchange) гарын үсэг зурснаар баримтыг авч, бараагаа татан авна. Төлбөрийг хожим 30, 60, 90 хоног гэх зэргээр хийх бөгөөд гэрээндээ төлбөрийн нөхцөлийг заана. Импортлогчид илүү ашигтай хувилбар юм.
Төлбөрийн энэ хэлбэр нь аккредитив (L/C) хэлбэрээс хямд зардалтай, баримт бичгийн шаардлага харьцангуй энгийн байдаг бол банк баталгаа гаргадаггүйгээрээ сул талтай.
Нээлттэй данс (Open Account)
Нээлттэй данс гэдэг нь экспортлогч бараа, үйлчилгээгээ урьдчилан илгээж, импортлогч нь тохиролцсон хугацааны дараа (30, 60, 90 хоногт) төлбөрийг гүйцэтгэдэг олон улсын төлбөр тооцооны хэлбэр юм.
Төлбөрийн энэ хэлбэр импортлогчид ашигтай бөгөөд удаан хугацаанд хамтран ажилласан, итгэлцэл өндөртэй түнштэй, улс төр, зах зээлийн байдал тогтвортой, тогтмол бараа нийлүүлдэг талуудад ашигтай. Энэ хэлбэрээр төлбөр хийхээр тохирсон бол даатгал хийх нь таныг эрсдэлээс хамгаална.