Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэдний бизнесийн үйл ажиллагааг тогтвортой дэмжих зорилгоор co-working space-ийг зөвхөн ажлын байр бус, харин “soft landing” буюу цогц үйлчилгээний төв болгон хөгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал байдаг. Ялангуяа Хөрөнгө оруулалтын тухай хууль, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул байх нь эрсдэлийн түвшинг нэмэгдүүлдэг. Иймээс co-working space дотор компанийн бүртгэл, гэрээ хэлцэл боловсруулах, маргаан шийдвэрлэх чиглэлээр мэргэшсэн хуульчид тогтмол ажиллах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх чухал нөхцөл болно.
Үүнээс гадна мэргэжлийн орчуулгын үйлчилгээ зайлшгүй шаардлагатай. Хөрөнгө оруулалтын гэрээ, баримт бичиг, хууль зүйн материалуудыг зөвхөн хэлний бус агуулгын өндөр түвшинд орчуулж, нотариатаар баталгаажуулах нэгдсэн үйлчилгээ нь хөрөнгө оруулагчдын цаг хугацаа, зардлыг хэмнэж, татвар, санхүүгийн зөвлөгөө мөн адил чухал байр суурь эзэлж байна.
Монголын татварын орчин, тайлан гаргалт, аудитын шаардлагын талаар ойлгомжтой мэдээлэл, практик зөвлөмж өгөх нь эрсдэлийг бууруулж, ил тод байдлыг нэмэгдүүлэхээр байна.
Олон улсын туршлагаас харахад ийм төрлийн төвүүд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсад байршлтай 10 co-working space ажиллаж байна.
Жишээлбэл, Сингапур улсын Singapore Economic Development Board нь гадаадын бизнес эрхлэгчдэд зориулсан “Stage One” төвийг ажиллуулж, зөвхөн ажлын байр бус, харин стартап болон томоохон компаниудтай холбох networking арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Мөн Дубай хот дахь International Free Zone Authority нь бизнесийн лицензийг co-working гишүүнчлэлтэй багцлан санал болгож, хөрөнгө оруулагчдыг ирсэн даруйд албан ёсны хаягтай болж, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжийг бүрдүүлдэг байна.
Түүнчлэн, дотоодын банкуудтай хамтран банкны данс нээх процессыг хурдасгах, нотариат болон апостиль үйлчилгээ нэг дор төвлөрүүлэх, аудит болон хууль зүйн зөвлөхүүдтэй шууд холбох “matchmaking” систем ажиллуулах нь практик ач холбогдолтой. Хөрөнгө оруулагчийг хамгаалах төвтэй шууд холбогдох цэг ажиллуулах, хөрөнгө оруулагч бүрт тусгай зөвлөх томилж aftercare үйлчилгээ үзүүлэх нь урт хугацааны итгэлцлийг бий болгох боломжтой.
“Soft landing” буюу амьдрах орчны дэмжлэг мөн чухал. Орон сууц, оффис, үйлдвэрийн талбайн мэдээллийн найдвартай сантай холбох, хүүхдийн сургууль, олон улсын эмнэлэг, жолооны үнэмлэх солих зэрэг ахуйн зөвлөгөө өгөх нь хөрөнгө оруулагчийг Монголд удаан хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Цаашлаад цахим нэг цонхны үйлчилгээ, оршин суух зөвшөөрлийн цахим системийг ашиглахад дэмжлэг үзүүлэх, дотоодын найдвартай түншүүдтэй холбох “Investor-Pаrtner” зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулах нь бодит үр өгөөжтэй байна.
Мөн “Virtual Office” үйлчилгээ нэвтрүүлснээр хөрөнгө оруулагч Монголд байнга оршин суухгүйгээр компанийн албан ёсны хаягтай болж, шуудан, дуудлага дамжуулах, цахим нарийн бичгийн үйлчилгээ авах боломжтой болно. Салбар тус бүрийн онцлогт тохирсон “Sector-Specific Concierge” үйлчилгээ нь уул уурхай, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи зэрэг салбарын нарийн зохицуулалтын талаар гүнзгий зөвлөгөө өгөх давуу талтай. “Investment Navigator” гэх мэт дижитал хөтөч системээр дамжуулан бүртгэлээс эхлээд үйл ажиллагаа тогтворжих хүртэлх бүх үе шатыг ойлгомжтой харуулах нь төрийн байгууллагуудын хооронд төөрөх эрсдэлийг бууруулна.
Түүнчлэн зөвхөн шинэ хөрөнгө оруулагч бус, аль хэдийн үйл ажиллагаа явуулж буй компаниудад зориулсан “Aftercare Lounge” хэсэг байгуулж, санал гомдлыг шууд хүлээн авч шийдвэрлэх механизм бүрдүүлэх нь итгэлийг хадгалах стратегийн ач холбогдолтой байна. Хөрөнгө оруулагчийн гэр бүлд зориулсан “Ulaanbaatar Guide” зэрэг иж бүрэн мэдээллийн багц бэлтгэх нь бизнесийн орчноос гадна амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсыг урт хугацааны хөрөнгө оруулалтын тогтвортой чиглэл болгон хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахаар байна.


